Монгол улсын зүрх, судсан дотуурх мэс засал эмчилгээний практикт гол судасны баллоон шахуурга буюу intra-aortic balloon pump (IABP) хэмээх нэгэн цоо шинэ технологийг анх удаа зүрхний титэм судасны хавсарсан, хүнд хэлбэрийн нарийслын эмчилгээнд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгийн Зүрхний төвийн хамт олон амжилттай хэрэглэж Монгол улсын зүрх судасны эмчилгээний практикт нэгэн шинэ хуудсыг нээгээд байна. Тэгвэл энэ удаагийн нийтлэлээр тус шинэ технологийн талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
Гол
судасны баллоон шахуурга (ГСБШ) нь зүрхний агшилтыг механикаар дэмжиж, гемодинамикийг
хангах зориулалттай хамгийн түгээмэл хэрэглэгддэг төхөөрөмж юм. ГСБШ нь янз
бүрийн шалтгаантай зүрхний дутагдлын үед гол судсанд байрлуулж, улмаар зүрхний
агшилт, сулралын мөчлөгтэй уялдан хийлэгдэж, суларч байхаар зохион бүтээгдсэн
тусгай баллоон бүхий катетер, түүнийг удирдах төхөөрөмжөөс бүрдсэн иж бүрдэл
систем юм.
ГСБШ-ын
зүрхний мөчлөгт үйл ажиллагаатай уялдаж ажиллах зарчим
ГСБШ
нь зүрхний мөчлөгт үйл ажиллагааны диастолын үед гол судсанд байрлуулсан
баллоон хийлэгдэж гол судсан дахь диастолын даралтыг дэмжих замаар титмийн
цусны урсгалыг нэмэгдүүлэх, систолын өмнө баллоон сулрах замаар зүрхний дараах
ачааллыг бууруулах гэсэн ерөнхий зарчмаар ажиллаж гемодинамикийг механикаар
дэмжиж өгдөг. Ингэхдээ ГСБШ нь зүрхний мөчлөгт үйл ажиллагааг өвчтөний биед
холбосон электродуудад бичигдэж буй зүрхний цахилгаан бичлэг (ЗЦБ)-ээр дамжуулж
мэдэрнэ. Үүнд: зүрхний систолын үед буюу QRS-Т интервал үргэлжлэх хугацаанд
баллоон сулрах (баллоон сулрах үйл явц R шүдний оройн цэгтээ хүрэхтэй зэрэгцэж эхэлнэ),
T-P интервал үргэлжлэх хугацаанд баллоон хийлэгдэх (баллоон хийлэгдэх үйл явц Т
шүдний голын цэгтээ хүрэхтэй зэрэгцэж эхэлнэ) байдлаар ажилладаг (Зураг 1).
Зураг 1. ГСБШ-ын ажиллагаа ЗЦБ-тэй уялдах байдал. Улаан муруйгаар
гол судсанд үүсэх даралтыг, цэнхэр муруйгаар баллооны даралтыг дүрслэв.
ГСБШ
нь дээрхи зарчимаар ажилласнаар зүрхний өмнөх болон дараах ачаалалд нөлөөлөх замаар
гемодинамикт эерэг нөлөө үзүүлдэг. Ингэхдээ диастолын үед баллоон тэлэгдсэнээр гол
судасны баллоонаас өмнө байрлах хэсгийн цусыг буцаан түрснээр титмийн цусны
урсгал, гол судасны нум хэсгээс салаалж буй артерийн салаанууд дахь нэмэгдүүлж,
хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулна. Түүнчлэн диастолын үед баллоон
хийлэгдсэнээр гол судас зэрэг уян ширхэг ихтэй том судасны хананд ирэх даралтыг
нэмэгдүүлж судасны ханыг сунгах бөгөөд үүний дүнд уян харимхай шинж чанарынхаа
дагуу том судаснууд буцаж агшихдаа ердийнхөөс хүчтэй агшиж хөндий доторхи цусаа
цааш хөөж түрнэ. Энэн ГСБШ-ыг хэрэглэх үед захын цусан хангамжийг сайжруулах
дахин нэг нөхцөл болдог. Харин систолын үед баллоон суларснаар баллооны
хийлэгдэх үедээ эзэлж байсан эзэлхүүн гэнэт хоосон болсноор вакум үүсэх ба
үүний дүнд гол судсан дахь даралт ердийн үеийнхээс бага болох бөгөөд энэ нь
зүүн ховдол агших үедээ давж гарах ёстой байсан даралтын хэмжээг багасгаж
өгснөөр зүрхний дараах ачааллыг бууруулж (энэ нь зүүх ховдлын даралт систолын
үед буурах байдлаар илэрнэ) зүрхний булчингийн хүчилтөрөгчийн хэрэгцээг
багасгаж үйлчилнэ (Зураг 2, Зураг 3, Зураг 4).

Зураг 2. ГСБШ-ыг хэрэглэснээр гол судсан дахь даралтад гарах
өөрчлөлтийг харуулав.
Зураг 3. ГСБШ-ыг хэрэглэснээр гемодинамикт гарах эерэг
өөрчлөлтүүд.