Monday, April 4, 2022

Судсан дотуурх хэт авиан шинжилгээний хяналттай ТСДЭ-г анх удаа хийлээ

Монгол улсын зүрх, судсан дотуурх мэс засал эмчилгээний практикт судсан дотуурх хэт авиан шинжилгээ буюу intravascular ultrasound (IVUS) технологийг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгийн Зүрхний төвийн хамт олон хавсарсан, хүнд хэлбэрийн титэм судасны нарийслын судсан дотуурх эмчилгээ (ТСДЭ)-д анх удаа амжилттай хэрэглэлээ. 

Тус төвийн хамт олон зүүн титэм судасны ховдол хоорондын уруудах салаанаас эхэлж зүүн титмийн багана хэсэг буюу үндсэн салаа хүртэл үргэлжилсэн шохойжиж хатуурсан нарийсалд судсан дотуурх хэт авиан шинжилгээ (IVUS)-ний чиглүүлэг дор ТСДЭ-г хийсэн нь Монгол улсын судсан дотуурх оношилгоо эмчилгээний чадавхийг дэлхийн түвшинд хүргэхэд чухал түлхэц боллоо. 

Зүүн титмийн багана хэсэг, ховдол хоорондын уруудах салааг хамарсан нарийсал нь өндөр эрсдэлтэй титэм судасны эмгэгт тооцогддог ба Монгол Улсын Эрүүл Мэндийн сайдын 2017 оны А/370  тоот тушаалын 1-р хавсралтын Г-7 "зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал", Г-11 "зүрхний хавхлагуудын өөрчлөлт болон ишеми өвчний улмаас агших чадвар 25 хувиас доош болсон" тохиолдол гэдэг заалтын дагуу гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай өвчний жагсаалтад бүртгэгдсэн байдаг. 

Тэгвэл Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгийн Зүрхний төвд Х.Батмягмар эмчээр удирдуулсан баг хамт олон дээрхи өндөр эрсдэлтэй титэм судасны нарийслын эмчилгээг өөрийн эх орондоо нутагшуулахаар ажиллаж байгаа ба энэ удаад дэлхийн судсан дотуурх эмчилгээний салбар дахь дэвшилтэт технологи болох судсан дотуурх хэт авиан шинжилгээ (IVUS)-г энэ төрлийн эмчилгээний практикт нэвтрүүлснээр өөрийн орны иргэдийг өндөр өртөг зардалтайгаар гадаад улсад эмчлүүлэх байдлыг бууруулахад чухал үйл явдал боллоо. 


Ажилбарын өмнөх судсан дотуурх хэт авиан шинжилгээ (IVUS)-д илэрсэн шохойжиж хатуурсан нарийсал. Судасны хөндийн диаметр 2 мм хүртэл нарийссан, зах ирмэг жигд бус шохойжиж хатуурсан байна.


Ажилбарын дараах судсан дотуурх хэт авиан шинжилгээ (IVUS)-ээр судасны хөндийн диаметр 3.5 мм хүртэл томорч нээгдсэн, судасны хөндийн зах ирмэг жигд, зөв дугй хэлбэртэй болсноор цусны урсгал чөлөөтэй байх нөхцөлийг бүрдүүлжээ. 

Ажилбарын өмнөх коронарангиографи (КАГ)-ийн шинжилгээ. Ховдол хоорондын уруудах салааны проксималь хэсгийг хамарсан тархмал нарийсал. 


КАГ-ийн шинжилгээнд илэрсэн нарийсалд судсан дотуурх хэт авиан шинжилгээ (IVUS) хийж шалгахад шохойжиж хатуурсан судас хатуурлын товруу тодорхойлогдсон, судасны хөндийн диаметр 2 мм хүртэл нарийссан, зах ирмэг нь жигд бус өөрчлөгдсөн байна. 


Судсан дотуурх хэт авиан шинжилгээ (IVUS)-ний хяналтан дор ТСДЭ хийж судас нарийссан хэсэгт тэлэгч стентийг амжилттай байрлуулсан байдал. 


Ажилбарын дараах судсан дотуурх хэт авиан шинжилгээ (IVUS)-ээр ажилбарын өмнөх шохойжиж хатуурсан нарийсалд тэлэгч стентийг амжилттай байрлуулснаар судасны хөндийн диаметр 3.5 мм хүртэл томорсон, хөндийн зах ирмэг жигд зөв дугуй хэлбэртэй болж цусны урсгал саадгүй байх нөхцөл бүрдсэн байна. 

0 comments:

Post a Comment

Categories