"Монголын зүрх, судсан дотуурх мэс заслын нийгэмлэг"-ийн гишүүн эмч нарын баг 2023 оны 02 сарын 09-12-ны өдрүүдэд Терумо корпорацийн TERUMO LEARNING EDGE хөтөлбөрийн хүрээнд ХБНГУ-ын Дармштад хотын төв эмнэлэгийн профессор Gerald S. Werner болон түүний багийн хамт титэм судасны архаг бүрэн бөглөрөл (АББ)-ийн судсан дотуурх эмчилгээний чиглэлээр сургалтанд хамрагдлаа.
Терумо корпорацийн TERUMO LEARNING EDGE хөтөлбөр нь судсан дотуурх мэс заслын чиглэлээр ахисан түвший сургалт, технологийн дэвшлийг хослуулан судсан дотуурх мэс заслын чиглэлээрх дэлхийн шилдэг баг хамт олонтой хамтран хавсарсан хүнд хэлбэрийн ажилбарыг гүйцэтгэх ур чадварыг эзэмшүүлэх, сургалтаар дамжуулан хамтын найрсаг уур амьсгалыг бүрдүүлэх зорилготой хөтөлбөр билээ.
Энэ удаагийн сургалтыг ХБНГУ-ын Дармштад хотын төв эмнэлэгийн профессор Gerald S. Werner удирдан зохион байгуулж Монгол улсаас Интермед эмнэлэгийн Зүрх судас судлалын тасгийн эрхлэгч Х.Батмягмар, Орхон аймаг дахь БОЭТ-ийн ангиографийн тасгийн эмч Д.Эрдэмбилэг нарын эмч нар хамрагдлаа. Профессор Gerald S. Werner нь Дармштад хотын төв эмнэлэгийн Зүрх судас, эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч бөгөөд титэм судасны нарийслын судсан дотуурх эмчилгээ, судсан дотуурх хэт авиан шинжилгээ, титэм судасны АББ-ийн эмчилгээ болон титэм судасны нарийслын эмчилгээнд лазер технологийг ашиглах талаар Европ төдийгүй дэлхий дахинд танигдсан мэргэжилтэн ба EuroCTO зэрэг нэр хүндтэй байгууллагын үүсгэн байгуулагч хийгээд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нэр хүндтэй мэргэжилтэн юм.
Энэ удаагийн сургалтанд титэм судасны АББ-тэй нийт 4 өвчтөнд live ажилбарыг катетр лабораторид хийсэн ба ажилбарын үед ашиглагддаг тоног, төхөөрөмжүүдийг харилцан ярилцаж ажилбарт оролцох боломжтой байсан нь онцлог юм. Мөн титэм судасны АББ-ийн чиглэлээрх одоогийн удирдамжууд, судалгаануудын талаар болон ажилбарт ашиглагддаг тоног төхөөрөмжүүд, арга, техникүүдийн талаар лекц уншиж харилцан ярилцлаа.Профессор Gerald S. Werner-ийн зүгээс манай улсаас энэ удаагийн сургалтанд хамрагдаж буй эмч нарыг таатай хүлээн авч өөрийн баг хамт олонтой танилцуулахын зэрэгцээ цаашдын хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаа найрсгаар илэрхийллээ.
0 comments:
Post a Comment