Friday, April 7, 2023

"Титмийн физиологи, хэт авиан оношилгоо" сэдэвт олон улсын хурлыг зохион байгууллаа

"Монголын зүрх, судсан дотуурх мэс заслын нийгэмлэг", "Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг" хамтран 2023 оны 04 сарын 04-05-ны өдрүүдэд "Титмийн физиологи, хэт авиан оношилгоо" сэдэвт олон улсын хурлыг амжилттай зохион байгууллаа. 

"Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг"-ийн Зүрхний төвийн ангиографийн оношилгоо, эмчилгээний баг хамт олон тус эмнэлэгийн ангиографийн зөвлөх эмч, АУ-ны доктор, клиникийн профессор Х.Батмягмарын удирдлагаар 2020 оноос судсан дотуурх хэт авиан оношилгоо (intravascular imaging - IVUS), титмийн цусны урсгалын физиологийн үнэлгээ (fractional flow ratio - FFR, instantaneous wave-free ratio - iFR) зэрэг дэвшилтэт технологийг нэвтрүүлж эхэлсэн билээ. Энэхүү дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр Монгол улсад өмнө эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтад байсан титэм судасны хавсарсан хүнд хэлбэрийн нарийсал эмгэгийг өөрийн орондоо эмчлэх боломжийг бүрдүүлж, гадагш явах өвчтөний урсгалыг тодорхой хэмжээгээр бууруулах нөхцөлийг бүрдүүлээд байна. 


Энэхүү 2 өдрийн сургалтанд УНТЭ, УГТЭ, УХТЭ, Цэргийн төв эмнэлэг, Интермэд эмнэлэг, Улаанбаатар Сонгдо эмнэлэг, Монгол-Япон сургалтын эмнэлэг болон БОЭТ-үүдийн судсан дотуурх оношилгоо эмчилгээний мэргэшсэн эмч, инженер техникийн ажилтан зэрэг нийт 30 гаруй нарийн мэргэжилтнүүд хамрагдаж титмийн цусны урсгалын физиологийн үнэлгээ (FFR, iFR), титэм судсан дотуурх хэт авиан оношилгоо (IVUS) зэрэг дэвшилтэт технологийн талаар онол болон live case дамжуулалт хосолсон сургалтаар мэдлэг, ур чадвараа дээшлүүлж оролцлоо. 




Тус сургалтыг зохион байгуулахад ОХУ-ын Москва хотын төв эмнэлэгийн судсан дотуурх мэс заслын эмч, профессор Дмитрий Скрыпник iFR, IVUS технологийг эмнэлзүйн практикт оношилгоо, эмчилгээний шийдвэр гаргахад, титэм судсан дотуурх эмчилгээг чиглүүлэхэд ашиглах талаар онолын лекцийг танилцуулсан бол Philips компанийн эмч төлөөлөгч Роман Мушенко iFR, IVUS технологийн талаарх онолын лекц, хэрэглэх арга зүйн талаарх танилцуулгыг хийлээ. 



Түүнчлэн дээрхи мэргэжилтнүүд УНТЭ-ийн ангиографийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран iFR, IVUS технологийг ашигласан титэм судсан дотуурх эмчилгээг нийт 7 өвчтөнд амжилттай хийж гүйцэтгэхийн зэрэгцээ хуралд оролцогчдод шууд дамжуулан хүргэсэн нь манай орны зүрх, судсан дотуурх эмчилгээний практикт чухал ач холбогдолтой үйл явдал болсон юм. 



Энэхүү олон улсын сургалтыг амжилттай зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулж ажилласан УНТЭ-ийн зөвлөх эмч, АУ-ны доктор, клиникийн профессор Х.Батмягмар, УНТЭ-ийн Зүрхний төвийн эмч мэргэжилтнүүд, эмнэлэгийн тоног төхөөрөмжийн инженер Э.Дамдинжав болон баг хамт олон, "Монголын зүрх, судсан дотуурх мэс заслын эмч нарын нийгэмлэг"-ийн гишүүн судсан дотуурх мэс заслын эмч Д.Эрдэмбилэг, зүрх судасны эмч Ч.Сүрэнжав, идэвхитэй хамрагдаж оролцсон улсын төв эмнэлэг болон орон нутгийн эмч мэргэжилтнүүд, дэмжин ажилласан байгууллага хамт олонд гүн талархал илэрхийлье. 

0 comments:

Post a Comment

Categories