Monday, March 21, 2022

Гол судасны баллоон шахуурга

Монгол улсын зүрх, судсан дотуурх мэс засал эмчилгээний практикт  гол судасны баллоон шахуурга буюу intra-aortic balloon pump (IABP) хэмээх нэгэн цоо шинэ технологийг анх удаа зүрхний титэм судасны хавсарсан, хүнд хэлбэрийн нарийслын эмчилгээнд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгийн Зүрхний төвийн хамт олон амжилттай хэрэглэж Монгол улсын зүрх судасны эмчилгээний практикт нэгэн шинэ хуудсыг нээгээд байна. Тэгвэл энэ удаагийн нийтлэлээр тус шинэ технологийн талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна. 

Гол судасны баллоон шахуурга (ГСБШ) нь зүрхний агшилтыг механикаар дэмжиж, гемодинамикийг хангах зориулалттай хамгийн түгээмэл хэрэглэгддэг төхөөрөмж юм. ГСБШ нь янз бүрийн шалтгаантай зүрхний дутагдлын үед гол судсанд байрлуулж, улмаар зүрхний агшилт, сулралын мөчлөгтэй уялдан хийлэгдэж, суларч байхаар зохион бүтээгдсэн тусгай баллоон бүхий катетер, түүнийг удирдах төхөөрөмжөөс бүрдсэн иж бүрдэл систем юм.

ГСБШ-ын зүрхний мөчлөгт үйл ажиллагаатай уялдаж ажиллах зарчим

ГСБШ нь зүрхний мөчлөгт үйл ажиллагааны диастолын үед гол судсанд байрлуулсан баллоон хийлэгдэж гол судсан дахь диастолын даралтыг дэмжих замаар титмийн цусны урсгалыг нэмэгдүүлэх, систолын өмнө баллоон сулрах замаар зүрхний дараах ачааллыг бууруулах гэсэн ерөнхий зарчмаар ажиллаж гемодинамикийг механикаар дэмжиж өгдөг. Ингэхдээ ГСБШ нь зүрхний мөчлөгт үйл ажиллагааг өвчтөний биед холбосон электродуудад бичигдэж буй зүрхний цахилгаан бичлэг (ЗЦБ)-ээр дамжуулж мэдэрнэ. Үүнд: зүрхний систолын үед буюу QRS-Т интервал үргэлжлэх хугацаанд баллоон сулрах (баллоон сулрах үйл явц R шүдний оройн цэгтээ хүрэхтэй зэрэгцэж эхэлнэ), T-P интервал үргэлжлэх хугацаанд баллоон хийлэгдэх (баллоон хийлэгдэх үйл явц Т шүдний голын цэгтээ хүрэхтэй зэрэгцэж эхэлнэ) байдлаар ажилладаг (Зураг 1).

Зураг 1. ГСБШ-ын ажиллагаа ЗЦБ-тэй уялдах байдал. Улаан муруйгаар гол судсанд үүсэх даралтыг, цэнхэр муруйгаар баллооны даралтыг дүрслэв.

ГСБШ нь дээрхи зарчимаар ажилласнаар зүрхний өмнөх болон дараах ачаалалд нөлөөлөх замаар гемодинамикт эерэг нөлөө үзүүлдэг. Ингэхдээ диастолын үед баллоон тэлэгдсэнээр гол судасны баллоонаас өмнө байрлах хэсгийн цусыг буцаан түрснээр титмийн цусны урсгал, гол судасны нум хэсгээс салаалж буй артерийн салаанууд дахь нэмэгдүүлж, хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулна. Түүнчлэн диастолын үед баллоон хийлэгдсэнээр гол судас зэрэг уян ширхэг ихтэй том судасны хананд ирэх даралтыг нэмэгдүүлж судасны ханыг сунгах бөгөөд үүний дүнд уян харимхай шинж чанарынхаа дагуу том судаснууд буцаж агшихдаа ердийнхөөс хүчтэй агшиж хөндий доторхи цусаа цааш хөөж түрнэ. Энэн ГСБШ-ыг хэрэглэх үед захын цусан хангамжийг сайжруулах дахин нэг нөхцөл болдог. Харин систолын үед баллоон суларснаар баллооны хийлэгдэх үедээ эзэлж байсан эзэлхүүн гэнэт хоосон болсноор вакум үүсэх ба үүний дүнд гол судсан дахь даралт ердийн үеийнхээс бага болох бөгөөд энэ нь зүүн ховдол агших үедээ давж гарах ёстой байсан даралтын хэмжээг багасгаж өгснөөр зүрхний дараах ачааллыг бууруулж (энэ нь зүүх ховдлын даралт систолын үед буурах байдлаар илэрнэ) зүрхний булчингийн хүчилтөрөгчийн хэрэгцээг багасгаж үйлчилнэ (Зураг 2, Зураг 3, Зураг 4).

Зураг 2. ГСБШ-ыг хэрэглэснээр гол судсан дахь даралтад гарах өөрчлөлтийг харуулав.  

Зураг 3. ГСБШ-ыг хэрэглэснээр гемодинамикт гарах эерэг өөрчлөлтүүд.

Зураг 3. ГСБШ-ыг хэрэглэх үед гол судсан дахь диастолын дундаж даралт нэмэгдэж, зүүн ховдлын систолын даралт буурах (зүрхний дараах ачаалал буурах) байдал.

Дээрхээс харвал ГСБШ нь зүрхний мөчлөгт үйл ажиллагаатай маш нягт уялдаж байх нь чухал бөгөөд баллоон хоцорч эсвэл урьтаж хийлэгдэх эсвэл сулрах нь дээр дурьдсан гемодинамикт үзүүлэх эерэг нөлөөллийг үгүй хийгээд зогсохгүй зүрхний дараах ачааллыг нэмэгдүүлж гемодинамикт сөргөөр нөлөөлж ч болох талтай.

ГСБШ-ын бүрдэл хэсгүүд

ГСБШ-ын иж бүрдэл нь доор дурьдсан хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:

1.    Гол судсанд байрлуулсан баллооныг хийлэх зориулалттай инерт хий (ихэвчлэн гели) агуулсан ган бортого. ГСБШ нь зүрхний мөчлөгт үйл ажиллагаатай уялдаж богино хугацаанд хийлэгдэж, суларч байх ёстой ба баллооныг хийгээр хийлэх нь үүнд хамгийн тохиромжтой байдаг. Энэ зорилгоор бие махбодид аюулгүй, урвалд ордоггүй инерт хийг ашигладаг.

2.    Ган бортогоос баллоон руу хий дамжуулж түүнийг хийлэх, буцааж сорох үйл ажиллагааг зохицуулсан хавхлагын систем. ГСБШ-ыг удирдах хэсэгт байрлуулсан байх ба өвчтөний ЗЦБ-ийг мэдэрч ажиллах удирдах хэсгийн удирдлагаар автоматаар зохицуулагдаж ажиллана.

3.    Удирдах хэсэг. Удирдлагын хэсэг нь өвчтөний ЗЦБ болон баллооны катетерийн гол судасны даралт хэмжих сувгаар ирж буй даралтыг мэдэрч улмаар баллооныг хийлэх, суллах үйл ажиллагааг зохицуулж удирдана.

4.    Гол судсанд байрлуулах баллоон бүхий катетер. Судсан дотуурх аргаар гуяны артериар дамжуулан гол судасны тодорхой хэсэгт байрлуулах зориулалттай, удирдлагын хэсгээс ирэх удирдлагын дагуу хийлэгдэж, суларч байх зориулалттай баллооныг үзүүр хэсэгт нь байрлуулсан тусгай баллоон катетер байна. Тус катетер нь удирдлагын хэсэгтэй холбогдох үзүүртээ өвчтөний биеийн гадна арьсанд оёж бэхлэх бэхэлгээний хэсэгтэй, гели хийг дамжуулах хөндий болон гол судсан дахь даралтыг удирдлагын хэсэг рүү дамжуулах хөндий гэсэн 2 хөндийтэй, үзүүрийн хэсэгтээ 30-60 хэмжээтэй нийлэг материалаар хийгдсэн баллоонтай, үзүүрт хэсэгтээ рентген тодрол өгөх маркертай байна (Зураг 5).

Зураг 5. ГСББШ-ын иж бүрдлийн ерөнхий схем.  

ГСБШ-ыг хэрэглэх заалт

Гемодинамикийг механикаар дэмжих шаардлага үүссэн бүх тохиолдолд ГСБШ-ыг хэрэглэж болно. Үүнд:

·         Зүүн ховдлын дутагдал

·         Зүрхний цочмог шигдээс

·         Зүрхний шок

·         Цусны зохиомол эргэлтээс салгасны дараа гемодинамик сэргэлт муу байх

·         Өндөр эрсдэлтэй ТСДЭ

·         Бүлэн хайлуулах эмчилгээг дэмжих зорилгоор

·         Зүрх шилжүүлэн суулгах хүртэл богино хугацаанд гемодинамик дэмжих (bridge to cardiac transplantation)

·         Өндөр эрсдэлтэй өвчтөнг ерөнхий унтуулгад бэлдэж тогтворжуулах

·         Зүрхний шахалт буурсан бүх төрлийн тохиолдол. Үүнд кардиомиотапи, миокардит г.м

 

ГСББШ-ыг хэрэглэх эсрэг заалт

Дараах тохиолдолд ГСБШ-ыг хэрэглэх нь туйлын эсрэг заалт болно. Үүнд:

·         Гол судасны дизсекци бүхий аневризм

·         Гол судасны хүнд зэргийн регургитаци

·         Том хэмжээний артер-венийн шунт

·         Хүнд хэлбэрийн коагулопати

Дараах тохиолдолд ГСБШ-ыг хэрэглэх нь харьцангуй эсрэг заалт болно. Үүнд:

·         Захын судасны хүнд зэргийн нарийсал, судас хатуурал

·         Ойрын хугацаанд бүлэн хайлуулах эмчилгээ хийгдсэн

·         Цусархагшил бүхий диатез

·         Гол судасны уруудах хэсгийн болон захын судасны графт

ГСБШ-ыг хэрэглэх үед гарч болох хүндрэлүүд

·         Тромбоцитын тоо цөөрөх (1%). Ихэнхи тохиолдолд тромбоцитын тоо 100х109/л-ээс цөөрдөггүй.

·         Гуяны артери гэмтэх. Үүнд: гуяны артери цоорох, язрах, дизсекци үүсэх (1-6%).

·         Захын судасны тромбоэмболи (1-7%).

·         Хөлийн ишеми (40%). Захын судасны тромбоэмболи үүсээгүй бол хөлийн ишеми ихэвчлэн ГСББШ-ыг авсны дараа аяндаа арилдаг.

·         Хатгалт хийсэн хэсэгт гематом үүсэх (3-5%).

·         Халдвар (2-4%).

·         Гэдэсний ишеми (<1%).

0 comments:

Post a Comment

Categories