Friday, December 23, 2022

Монголын зүрх, судсан дотуурх мэс заслын эмч нарын нийгэмлэг Ази-Номхон Далайн Орнуудын Судсан Дотуурх Мэс Заслын Нийгэмлэгийн гишүүнээр элслээ

Ази-Номхон Далайн Орнуудын Судсан Дотуурх Мэс Заслын Нийгэмлэг (Asia-Pacific Society of Interventional Cardiology - APSIC)-ийн ээлжит AICT-AsiaPCR 2022 чуулга уулзалт дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын нөлөө буурч байгаа цаг үеийг тохиолдуулж Сингапур улсад 2022 оны 10 сарын 06-08-ны хооронд биеэр оролцох байдлаар зохион байгуулагдлаа. 



Тус хурлын үеэр Монгол улсыг төлөөлүүлж Монголын Зүрх, Судсан Дотуурх Мэс Заслын Нийгэмлэг (Mongolian Society of Interventional Cardiology - MSIC)-ийг бүс нутгийн хэмжээний тус нийгэмлэгт албан ёсны гишүүн орноор элсүүлж, APSIC-ийн удирдах зөвлөлд Монголыг төлөөлж MSIC-ийн нарийн бичиг, АУ-ны доктор, клиникийн профессор Х.Батмягмарыг сонголоо. Түүнчлэн Х.Батмягмар эмчийг Монголын Зүрх, Судсан Дотуурх Мэс Заслын Нийгэмлэгийг Ази-Номхон Далайн Орнуудын Судсан Дотуурх Мэс Заслын Нийгэмлэгт албан ёсны гишүүн орноор элсүүлэхэд гаргасан хичээл зүтгэлийг үнэлж APSIC-ийн хүндэт гишүүн (fellow of APSIC - FAPSIC) цолыг олгосон баярт үйл явдал давхар тохиолоо.  



Ингэснээр MSIC нь Монголын зүрх, судсан дотуурх мэс заслын эмч нарыг бүс нутгийн хэмжээнд албан ёсоор төлөөлөх байгууллага болж буй бөгөөд Монголын зүрх, судсан дотуурх мэс заслын салбарын хөгжлийг хурдасгах, бүс нутгийн хэмжээнд идэвхитэй оролцогч байх, түүнчлэн APSIC-ийн албан ёсны гишүүн нийгэмлэгийн хувьд зүрх, судсан дотуурх мэс заслын чиглэлээр тэргүүлэх эмнэлэг, судалгааны институци, өндөр түвшний эмч мэргэжилтнүүдтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх нэн таатай боломж бүрдээд байна. 

Тус хурлын үеэр хуралдсан APSIC-ийн удирдах зөвлөлийн ээлжит уулзалтаар тус нийгэмлэгийн ерөнхийлөгч профессор Ашок Сет (Ashok Seth)-ийн зүгээс шинээр элссэн гишүүн нийгэмлэг хийгээд тэдгээрийг төлөөлж шинээр сонгогдсон удирдах зөвлөлийн гишүүдэд талархал илэрхийлэхийн зэрэгцээ APSIC бүс нутгийн хэмжээнд улам өргөжин тэлж, хамтын ажиллагаа эрчимжиж буйг онцлон тэмдэглэсэн байна. 


Монголын Зүрх, Судсан Дотуурх Мэс Заслын Эмч Нарын Нийгэмлэг нь 2018 онд анх байгуулагдсан цагаасаа эхлэн тус салбарт ажиллаж буй эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүдийг эгнээндээ нэгтгэж бүс нутгийн хэмжээнд Монгол улсынхаа оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр амжилттай ажиллаж ирсэний жишээ нь Ази-Номхон Далайн Орнуудын Судсан Дотуурх Мэс Заслын Нийгэмлэгт албан ёсны гишүүн нийгэмлэгээр элссэн явдал боллоо. 

0 comments:

Post a Comment

Categories